Чингис хаан банк хувь нийлүүлсэн хөрөнгөө 15.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Чингис хаан банк нь активын чанарыг сайжруулах, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж өнгөрөгч онд хувь нийлүүлсэн хөрөнгөө 10.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж нийт 50.0 тэрбум төгрөгт хүргэсэн билээ. 

Манай банк нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалын дагуу Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2021 онд багтаан 100.0 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд энэ төлөвлөгөөний хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 31-нд дүрмийн сангаа 15.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Монголбанкнаас зөвшөөрлөө хүлээн авлаа. 

Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлснээр Олон улсын валютын сан /ОУВС/, Монгол улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн Активын чанарын үнэлгээний дагуу хэрэгжүүлэх Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг хангаж ажиллах төлөвлөгөөгөө хугацаанаас нь өмнө хэрэгжүүлж байгаа юм.

Чингис хаан банк нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг 14.86 (>12%), Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг 31.04 (>25%) хувиар тус тус ханган ажиллаж буй үндэсний хөрөнгө оруулалттай банк болж үйл ажиллагаагаа явуулж байгааг дуулгахад таатай байна.

Чингис хаан банкны нэр хүндийг ажил үйлсээрээ өндөрт өргөн банкны үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж буй банкны нийт ажилтнууддаа, бидэнд итгэл хүлээлгэн сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, бизнесийн түншүүд, биднийг үргэлж дэмжин ажилладаг хувьцаа эзэмшигчиддээ талархаж байгаагаа илэрхийлье.

Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү