Баталгаат бус программ хангамж, аппликейшн ашиглах сөрөг үр дагавраас сэргийлэх

Баталгаат бус программ хангамж, аппликейшн ашиглах сөрөг үр дагавраас хэрхэн сэргийлэх вэ?

Дижитал эрин зуунд компьютер, гар утас болон олон төрлийн ухаалаг төхөөрөмжийн хэрэглээгүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлөх аргагүй болсон. Бид цахим байдлаар мэдээллээ хадгалан, бүх хэрэглээгээ шийдвэрлэх боломжтой болсны дотор өөрийн банк, санхүү, мөнгийг мөн удирдаж байна. Ингэхдээ аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавих шаардлага үүсэж байгаа бөгөөд кибер халдлагаас өөрийн мэдээлэл, санхүүгээ хамгаалах мэдлэгтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй юм. 


Баталгаат бус программ хангамж:

Кибер халдлагын нэг төрөл болох Malware (malicious software) буюу хортой программ хангамж нь таны компьютерт баталгаат бус программ хангамжаар дамжин суух боломжтой юм.   Хортой программ хангамж нь  компьютерын үйл ажиллагааг таслан зогсоох, мэдээлэл цуглуулах,  компьютерын системд хандах боломжийг олж авах, интернэт банк, нууц үг, кредит картын дугаар цуглуулах, файлуудыг барьцаалах зэрэг зорилготой хортой программ хангамж юм. Хортой программ хангамж нь олон төрөл байдаг бөгөөд бид тэднийг вирус, ransomware гэж ярьж хэвшсэн байдаг.  


Вирус гэж юу вэ ? 

Вирусээр халдсан файлыг нээвэл өөрийгөө хувилж хувилагдсан хувилбарууд нь   компьютерын бусад программ, файл, хатуу диск зэрэгт тархаж халддаг. Өөрөөр хэлбэл компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, үржих чадвартай, тодорхой үүрэг, зорилготой програмыг вирус гэдэг.

Ransomeware гэж юу вэ ?

Ransomware гэдэг нь таны компьютерт хадгалагдаж буй нэн чухал хэрэгцээтэй файлуудыг барьцаалдаг хортой программ юм. Энэ төрлийн халдлагад өртсөнөөр та өөрийн чухал  файлуудыг нээж үзэх боломжгүй болох ба шифрлэгдсэн файлуудыг сэргээн үзэхэд хакеруудад их хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болдог.


Баталгаат бус аппликейшн: 

Гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжийн программ хангамж болох аппликейшн нь хуурамч, хортой код агуулсан байх нь цөөнгүй болсон. Эдгээр хортой код бүхий аппликейшн нь мэдээлэл хулгайлах, байршил тогтоох, дэлгэц бичих зэрэг аюултай үйлдлүүдийг хийх боломжтой байдаг. 

Иймд аппликейшн татахдаа нэр, агуулга, тайлбарыг сайтар нягтлан баталгаат эх үүсвэрээс татдаг байх хэрэгтэй. Тухайн аппликейшн танаас ямар мэдээлэл шаардаж байгааг анхаарч аюулгүй байдлын тохиргоонуудыг нь шалган тохируулахаа битгий мартаарай. 

Хортой код агуулсан аппликейшн, программ хангамжаас хэрхэн сэргийлэх вэ ?

  1. Банкны аппликэйшн татаж авахдаа зөвхөн Google Play Store болон Apple App Store, Huawei AppGallery зэрэг албан ёсны аппликэйшн нийлүүлэгчээс татан авч, хортой программ агуулсан байж болзошгүй бусад аппликэйшн нийлүүлэгчээс татгалзах.
  2. Баталгаагүй, зөвшөөрөлгүй программ хангамж суулгахгүй байх, компьютертоо албан ёсны лицензтэй антивирусны программ суулгах 
  3. Сэжиг бүхий сул, хамгаалалтгүй вэб сайт руу хандахгүй байх, хувийн мэдээллээ оруулдаггүй байх 
  4. И-мэйлээр ирсэн сэжигтэй хавсралт болон линк дээр дарахгүй, нээхгүй байх
  5. Bluetooth асаалттай байснаар бусад хүмүүс таны гар утас эсвэл бусад ухаалаг төхөөрөмжийн зарим функцуудыг зайнаас удирдах боломжтой болдог тул шаардлагагүй үед Bluetooth-г унтраах.
  6. Jailbreak / Root хийгдсэнээр төхөөрөмж нь үйлдвэрлэгчийн хамгаалагдсан орчноос гардаг тул үйлдвэрлэгчээс олгогдсон анхдагч функцууд болон зөвшөөрлүүд нь цаашид хамааралгүй болдог. Ингэснээр таны төхөөрөмжид хортой программ суулгах эрсдэл үүсэх бөгөөд тэдгээр программуудаар дамжуулан таны зөвшөөрөлгүйгээр бусад програмтай холбоотой файлуудыг зайнаас унших, илгээх, алсаас камер болон микрофоныг асаах, дуудлага чагнах, бичлэг хийх гэх мэт таны хувийн, санхүүгийн мэдээлэлд аюул занал учруулах үндэс болдогыг анхаарах
  7. Өөрийн чухал файлуудыг зөөврийн хард, флаш диск дээр тогтмол хуулбарлан, файлаа алдах эрсдэлээс сэргийлэн нөөцлөх


Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү