Мэдээ, мэдээлэлХүний нөөцХамтын ажиллагаа
Дотоод хяналт

Дотоод хяналтын тогтолцоо гэдэг нь банкны үйл ажиллагааг үр ашигтай явуулах, удирдлагын бодлогыг дагаж мөрдүүлэх, хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, хууль, тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, санхүүгийн тайлангуудыг цаг хугацаанд нь найдвартай үнэн зөв бэлтгэх бололцоог хангах зэрэг тавьсан зорилгод хүрэхийн тулд удирдлагын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, заавар, журам, тушаал, шийдвэр, хяналтын арга хэрэгслүүд юм.

Банкны Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу дараах хэсгүүдэд дотоод хяналтын тогтолцооны орчинг бүрдүүлж ажилладаг. Үүнд:

  • Ажиллагсдын эрхэмлэх үнэт зүйлс, ёс зүйн хэм хэмжээг агуулсан байгууллагын эрхэм зорилго, стратеги зорилтууд, 
  • Дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагаа, 
  • Удирдлагын үзэл баримтлал, ажлын арга барил, 
  • Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийн хуваарилалт,
  • Зохистой засаглалын хэрэгжүүлэх журам
  • Удирдлагын мэдээллийн систем
  • Хүний нөөцийн бодлого болон бусад. 

Банкны дотоод хяналтын тогтолцоо нь банкны үйл ажиллагааны шат бүрт хэрэгжинэ. Үүнд: 

  • Банкны хувь нийлүүлэгчдийн хурал,
  • Банкны ТУЗ,
  • ТУЗ-ийн дэргэдэх Аудитын Хороо, Эрсдэлийн Хороо, Хүний нөөц, цалин урамшууллын дэд хороо
  • Банкны гүйцэтгэх захирал, 
  • Удирдлагын Хороо,
  • Дотоод хяналтын газар, 
  • Банкны газар, хэлтэс, нэгжийн удирдлага,
  • Банкны бүх ажилтнууд.

Банкны удирдлага болон ажилтнууд  нь банкны дотоод хяналтын тогтолцоонд дараах үүрэгтэйгээр оролцоно. Үүнд:

Төлөөлөн удирдах зөвлөл:

ТУЗ нь банкны  дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог зохистой бүрдүүлэх,  Аудитын Хорооны дүгнэлт болон Монголбанкны хяналт шалгалтын акт материал, үнэлэлт дүгнэлтийн дагуу банкны үйл ажиллагаанд гарч буй зөрчил дутагдлыг арилгах талаар Гүйцэтгэх захирлын явуулж буй үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ нь шаардлага хангахуйц, үр дүнтэй байгаа  эсэхэд болон  Дотоод хяналтын газрын үйл ажиллагаа банкны бүх төрлийн эрсдэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.  

Банкны ТУЗ, Гүйцэтгэх захирал нь банкны үйл ажиллагаанд оновчтой шийдвэр гаргах удирдлагын хяналтын арга барилыг зохион байгуулна. 

Гүйцэтгэх захирал:

Гүйцэтгэх захирал нь банкны бүтэц, зохион байгуулалтын дагуу нэгжүүдийн удирдлага болон нийт ажилтнуудын эрх үүрэг, хариуцлагыг харилцан уялдаатай, оновчтой, тодорхой байхаар  зохион байгуулах, банкны үйл ажиллагаатай холбоотой дотоодын журам, заавруудыг батлах, хэрэгжилтийг хянах замаар  өдөр тутмын үйл ажиллагаанд  хяналт тавьж ажиллана.

Дотоод хяналтын газар:

Дотоод хяналтын газар нь банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилт, дотоод хяналтын  болон эрсдэлийн удирдлагын тогтолцоо үр дүнтэй, оновчтой байгаа эсэх, хууль эрх зүй, бизнесийн ёс зүйн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт өгөх, гарч байгаа болон гарч болзошгүй зөрчил, эрсдэлийг үнэлэх, бууруулах, арилгах талаар  гүйцэтгэх шатны удирдлага болон бусад газар, нэгжид зөвлөх, үр дүн, хэрэгжилтийн талаар Аудитын хороо, Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах, улмаар банкны стратеги зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, банк, хувь нийлүүлэгчид, харилцагчдын  хууль ёсны эрх ашгийг тэнцвэртэй байдлыг хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрэгжүүлнэ.     

 Газар нэгжүүдийн удирдлага:

Банкны газар, хэлтсийн захирлууд нь өөрийн нэгжийн ажилтан бүрийн хариуцах ажил, хүлээх хариуцлагыг тодорхой зааж өгч, шат бүрт дараалсан хяналттай байхаар зохион байгуулах, дотоод хяналтын үйл ажиллагааны ач холбогдлыг ойлгуулж, үйл ажиллагааны түвшин бүрт хяналт тавьж хэвшүүлэн, зарчимч шударга байдлыг дэмжиж ажиллана.

Банкны ажилтан:

Банкны аливаа ажилтан нь дотоод хяналтын тогтолцоонд өөрийн гүйцэтгэх үүргийг мэдэж, түүнийг хэрэгжүүлж ажиллана.